нэг (эн)

  1. хоёроос нэгийг хасаад үлдсэн тоо; нэгэн нэг нь нэг; нэгэн хоёр нь хоёр; нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино зүйр;
  2. ганц; нэг морь; нэг ширхэг ч тамхи татаж болохгүй;
    • нэг ч (нэгхэн; бидний дотор энэ үгийг зөрчих хүн нэг ч үгүй, цөм зөвшөөрнө);
    • нэг удаа (ганц үе; энд нэг удаа ирэв; тэд нэг удаа очив);
    • нэг бус (ганц бус, хэд хэдэн; ажил тасалсан явдал нэг бус удаа болов);
    • нэг шингэх эм (нэгэн уухаар хэмжсэн хэмжээт эм);
    • нэг амиар (нэг завдлагаар буюу нэг амьсгалаар; энэ шувуу тэндээс нэг амиар нисч энд ирэв; энэ аягаар нэг би нэг амиар уув);
    • нэг амьсгаагаар (түргэн; нэг амьсгаагаар уншин төгсгөх; нэг амьсгаагаар залгилав);
    • нэг үе (а. ганц удаа; нэг үе баярлаж нэг үе гомдож байв; б. нас ойролцоо; нэг үеийн залуучууд; в. ганц цагт);
    • нэгэн тал (юмны нэгэн этгээдийн буюу нэгэн дундуур);
    • нэг суурь (а. ганц зүйлийн олон малыг таслан сүрэглэсний нэгэн хэсэг; хонин суурь; нэг суурь тэмээ; б. дэвсгэр суудал хийхэд зориулж хийсэн эд барааны ганц хүн суух хэмээр хээ гарган хийсний нэгэн хэсэг; нэг суурь хивс; в. юмны ганц газар байх хэсэг; нэг суурь өртөө; нэг суурь харуул);
    • нэг ай (ганц бүлэг, ганц аймаг, ганц хэсэгт багтах);
    • нэг анги (хэсэг бүлэг юм; нэг ангийн цэрэг; нэг ангийн сурагч; нэг анги болгосон юм);
    • нэг иж (нэг бүрэн бүтэн юм; зохиолын нэг бүрэн иж бий);
    • эрийн нэг (энд тэнд нэг нэгээр сарниж тарсан байдал; барьж явсан цаасаа салхинд хийсгэж эрийн нэг болгочихов);
    • нэг талыг баримтлах (өрөөсгөл талыг барих);
  3. нэгж хэм;
    • нэг жил (дэлхийн бөмбөрцөг өөрийн явдлаар нарыг нэг удаа тойрч гүйцэх хэм, нэг жилийн ой болох хугацаа, өдрийн хоногоор гурван зуун жаран таван хоног орчим болно);
    • нэг сар (а. жилийн арван хоёр хуваасан хэм; б. гуч, гучин нэг хоног; нэг сарын амралт авлаа);
    • нэг хоног (а. өдөр шөнийн хорин дөрвөн цаг; б. нар ургахаас дараа өдрийн нар ургах хүртэлх хэм);
    • нэг өдөр (а. нэг хоног; б. үүр цайхаас эхлэн бөрөнхий болох хүртэлх үе);
    • нэг цаг (а. Европын зурхайн ёсны нэг хоногийг хорин дөрөв хуваасны нэг хувь, үүний дотор жаран минут багтана; б. шар цагаан зурхайн ёсны нэг хоногийг арван хоёр хуваасны нэг хувь, үүний дотор зуун хорин минут багтана);
    • нэг мөч (цагийн хэмийн нэр, арван таван минут);
    • нэг эр (тариалангийн газрын хэмжээ, таван өрлөг газар);
    • нэг өрлөг (тариалангийн газрын хэмжээ, зургаан мүү буюу үр газар);
    • нэг үр (тарианлангийн газрын хэмжээ, бүгд гурван зуун жаран дөрвөлжин алд газар);
    • нэг хувиар (тариалангийн газрын хэмжээ, нэг зуун үр газар);
    • нэг газар (талбайн буюу хол ойрын хэмжээ, нэг зуун наян хос алд буюу гурван зуун жаран алд, таван зуун далан зургаан метртэй тэнцэнэ);
    • нэг хувь (а. цагийн хэмийн нэр, жаран нарийн хувь (секунд); б. юмыг хувь бодож хуваасан хуваасан хэмийн нэр; гуравны нэг хувь);
    • нэг дундуур (юмны тэхий хагас буюу тал хувь; мянганы нэг дундуур таван зуу);
    • нэг дээс (хэмжээ, гучин зургаан алд);
  4. адил, ижил;
    • нэг төрөл (юмны нэгэн нам, нэгэн угсаа, нэгэн чанартай);
    • нэг аймаг (а. амьтны ганц аймагт хуваасан нь; б. аймгаар хуваасан хувиарлал);
    • нэг нам (санаа явдал нэгдсэн хэсэг хүн);
    • нэг мөр (а. аливаа юмны нэгэн адил маяг журамтай болох; б. аян тал дагуу; би явбал, нэг мөрөөр бүтээн ирж болох хэрэг байна; в. журам зураас; нэг мөр бичиг; нэг мөр нэмээд зур!);
    • нэг дуугаар (олны нэгэнт дуудах буюу хашгирмагц нэгэн зэргээр ирэх очих, үйлдэх хийх; нэг дуугаар цугларав; нэг дуугаар зөвшөөрөв);
    • нэг санаа (а. олон хүний харилцан нийлэлцсэн санал; б. санаа зорилт урвалтгүй бат);
    • нэг зорилго (адил санаа); айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг зүйр;
  5. аливаа үйлд явдлын хам, зэрэг, жигд;
    • нэг дэсээр (үйл явдлын зэргээр буюу завсар зайгүй дараа дараагаар давхцах);
    • нэг зэргээр (сацуу; та нар арван хоёр цагт нэг зэргээр ир! таван цагт нэг зэргээр тарна);
    • нэгэн хамтаар (цугаар; тэд нар нэгэн хамтаар; бид нар нэгэн хамтаар явсан);
  6. дахин; би бас нэг дуулъя; бас нэг ууя;
  7. яриа нэг удаа, түр зуур; чи нэг очоод ярь; би нэг хэлээд орхиё; нэг жаахан унтаад авлаа.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Zaya: 2009-09-09 01:41:57
    • Zaya: 2015-04-13 00:59:40

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх