1.ухагдахууныг илтгэхэд хэрэглэх ярианы нэгж; үгийг үе болгож хуваах; үгийн гарал /аливаа үгийн үүсэл; үгийн гарал судлал/; үгийн язгуур /үгийн цэвэр үндэс буюу цааш утга бүхий хэсгээр задалж үл болох хэсэг/; үгийн үндэс /үгийн үндсэн утга заах хэсэг буюу үг зүйн ёсоор янз бүрийн дагавар залгаж цаашаа хувилгаж болох хэсэг/; үгийн баялаг /үгсийн сан; үгсийн баялгийг судлах/; үг зүй /үгийн бүтэц судлал/; 2.хэлсэн зүйл, яриа, сургаал заавар; үг хэл, үг яриа хорш; хурал дээр хэлсэн үг; үг мэдэхгүй сүрхий хүн байна дээ; үг хэлэх зөвшөөрөл авах; төгсгөлийн үг, хэрэгтний эцсийн үг; үг дуугүй бууж өгөх; муу үг, модон улаатай зүйр; үг олдож, үхэр холбох зүйр; их үг хэлэх /хэгжүүн хэвлүүн зан гаргах/; уран үг /гоё үг/; үгээр дайрах /хүнийг муу үгээр басамжлан хэлэх/; үгний домог болох /олонд шоологдох/; ширүүн үг хэлэх /зандрах, зэмлэх/; зөөлөн үг /аргадсан үг/; муу үг /а.тааламжгүй үг; б.муу чимээ, мэдээ/; эгзэгтэй үг /а.өө сэвий нь олж хэлсэн үг; б.далдуур егсөн, ёжсон үг/; үг гаргах /хэл өгүүлэл гаргах/; үг авах /а.аливаа ам хэлүүлж авах; б.үгэнд орох, хэлсэн сургасныг ойшоох; тэр хүү чинь үг авахдаа сайн хүүхэд байгаа юм/. үг алдах /хэлбэл зохисгүй үгийг бусдад санамсаргүй хэлэх/; үг дуулах /а.үгийг сонсч хүлээн авах; б.үгэнд орох; үг дуулдаг хүүхэд байгаа юм/; үгээр үг хийх /бусдын хэлсэн ерийн үгийг өөнтөг санаж хэрэг болгон ярих/; үгэнд дуртай /а.бусдын яриаг сонсохдоо дуртай; б.бусдын үгийг сонсож дамжуулах дуртай/; үг өгөх /а.амлах, ам тангараг өгөх; б.дохио болгож сануулах/; үгэндээ хүрэх /хэлсэн үгээ ажил болгох/; зүйр үг/ардын аман зохиолын нэг төрөл, амьдралын үзэгдэл байдлыг зүйрлэн жишсэн бөгөөд чимэгтэй, нухаштай цөөн үгээр онож шүлэглэсэн хэллэг/; цэцэн үг /ардын аман зохиолын нэг төрөл, амьдралын явцад ажиглаж дүгнэсэн зүйлээ оновчтой цөөн үгээр шүлэглэсэн утга төгс хэллэг/; хууч үг /ардын аман зохиолын нэг төрөл, эрт дээр цагаас уламжилж ирсэн аж амьдралын тухай цаан үгээр шүлэглэсэн сургамжит хэллэг/; сургаал үг /ардын аман зохиолын нэг төрөл, аж амьдралд сануулах, сургамжлах, ятгах, хориглох санааг илэрхийлж цаан үгээр шүлэглэсэн сургаалт хэллэг/; үг булаалдах /маргалдах/; үг дагуулах /хэлсэн ярьсныг аялдан дагаж зөвшөөрөх/; үг үсэгчлэн /үг нэг бүрчилэн, утга үл харгалзан; үг үсэгчлэн цээжлэх/; үг таслах /ярихыг болиулах/; үг өөлөх /буруу хазгай хэлснийг далимдуулан муучлах/; үг гээдэггүй /хэлсэн ярьсан бүхнийг өлгөн авч өөлөх/; 3.дуу дуулахад хэлэх зүйл, утга; төрийн дууллын үг; дууны үг/.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх