монгол - төрлийн үгс


МОНГОЛ
ᠮᠣᠩᠭᠣᠯ
monggol

Монгол улс нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казахстан улстай хил залгадаггүй хэдий ч Монголын баруун цэг ба Казахстаны зүүн цэг нь хоорондоо маш бага зайтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд оршин суудаг. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.

Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос хонины аж ахуй давамгалдаг, улаан буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай.

Одоогийн Монгол улсын газар нутгийн орчмоор чулуун зэвсгийн үед анчид ба нүүдэлчдийн бүлгүүд оршин сууж байв. МЭӨ 3-р зууны үед Хүннү гүрний төв болжээ. МЭ 4-с 10-р зууны үед Түрэг хэлтнүүд амьдарч байв. 13-р зууны эхээр Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Төв азийг эрхшээлдээ оруулжээ. 1234 онд түүнийг Өгөдэй хаан үе залгамжилж, дараа нь 1279 онд ач нь болох Хубилай хаан Юан гүрнийг Хятадад байгуулсан байна. Юан гүрэн унасны дараа 14-р зууны үеэс Монголчууд тал нутагтаа эргэн суух болж хуучны амьдралдаа эргэн оржээ. 1604-34 онд захирсан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд оржээ. 1911 онд Чин улс унаснаар Оросын дэмжлэгтэйгээр Монгол тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол улс болсон хэдий ч 1921 он хүртэл де факто тусгаар тогтнол, 1945 он хүртэл гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрөгдөх гэж ихэд зовж байв. Үр дүнд нь Орос ба ЗХУ-ын нөлөөлөл маш их байв. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж Монгол орны улс төр тухайн үеийнхээ ЗХУ-ын улс төрийг чанд дагаж, эрхшээлд нь оржээ. 1990-ээд оноос социалист засаглал унаж, ардчилал гарсан. Үүний дараагаар олон намын тогтолцоотой болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, зах зээлийн эдийн засагтай болсон.

Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун талаараа Казах, Тува үндэстнүүд амьдардаг. Монгол Улсын газрын зураг

МОНГОЛ
ᠮᠣᠩᠭᠣᠯ
monggol
  1. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Өвөр монголын өөртөө засах орны хүн амын хэсэг; Монгол Ардын Хувьсгалт Нам; Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл; Монгол Ардын хувьсгалт цэрэг; Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг; Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг; баруун монгол; өвөр монгол

*Он онд идээшиж олон онд дассан нутаг,

Одоогийн шинэ монголын улаан туг бүрхсэн орон,

Энэ бол миний төрсөн нутаг,

Монголын сайхан орон.* (Д.Нацагдорж).

монгол хүн зоригтой, молор эрдэнэ үнэтэй зүйр; монгол хүн морио магтана, мужаан хүн хөрөөгөө магтана зүйр;

2.монгол дуу; монгол эмээл; монгол дээл; монгол гутал; монгол гэр; Монгол хэл (Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Өвөр монгол, Буриад АССР болон Ойрадуудын хэл); Монгол үсэг(Уйгаржин монгол, дөрвөлжин, тод, соёмбо, шинэ үсэг); Уйгаржин монгол бичиг (эрт цагт Уйгаруудаас уламжлан авсан бичиг, хуучин монгол бичиг ч гэнэ); Тод монгол бичиг (Ойрадын Зая Бандид гэгчийн 1648 онд зохиосон бичиг); Шинэ монгол бичиг (Кириллийн үсгээс уламжлан авсан бичиг, шинэ бичиг ч гэнэ); монгол бүрээ (дунд нь мод, захад нь гууль тавьж хийсэн урт бүрээ); монгол адуу (эрт цагаас гаралтай, талын адуу, бие жижиг, хүч чадал их, тэсвэртэй, жилийн дөрвөн улиралд билчээрээр амьдрана); монгол архи (сүү исгэж нэрдэг архи); монгол далан хэлт амьтан (янз далан хэлт чогчготой адилхан болоод жигүүрийн дотор үе үе цагаан өрөвлөг бүхий нэг зүйл бялзуухай); монгол амуу ургамал (нэгэн зүйлийн тариа, мөхлөг нь улаан хоногоос томхон, эрт боловсорно); монгол өвс ургамал (цагаалжин төрлийн нэг зүйл өвс); монгол цай ургамал (хөвөн оройт, сөд зэрэг цайны оронд уудаг өвсний зүйлийн нийт нэр).


Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив