Монголчууд, эрт дээр цагаас эхлэн монгол хэлний янз бүрийн толь бичгийн зүйл удаа дараа зохиосоор ирсэн баялаг уламжлалтай билээ. Монгол хэлний анхны томоохон тайлбар толь бичиг гэвэл Монголчуудын дунд «Хорин нэгт» гэж алдаршсан 1717 оны Манж-Монгол үгний 21 дэвтэр тайлбар толь, мөн «Гучин зургаат» гэж алдаршсан 1746 оны Манж үгний 36 дэвтэр тайлбар толь ийм хоёр янзын зүйл хуваасан толь бичиг байв. Ардын хувьсгалын үед, 1929 онд С.Шагж «Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар-чандманий эрх» гэдэг толь бичиг зохиосон боловч хэвлэгдээгүй.
1933 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дэргэд монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь зохиох ажил үүсч, БНМАУлсын Ерөнхий Сайдын 1933 оны 1-р сарын 6-ний өдрнйн 4-р тушаалыг биелүүлэхийн тул Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Товчооны гишүүдийн 1-р тогтоолоор тайлбар толийн комиссыг Б.Ринчен, С.Шагж, М.Гомбожав, Ө.Дорж, Я.Цэвэл, Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан билээ. Энэ комисс, ерийн монгол үг, шинжлэх ухааны нэр томьёоноос гадна түүхт хүмүүс, газар орон, аймаг сум, албан байгууллагын нэрсийг хүртэл бүртгэн оруулсан нэвтэрхий толь бичиг зохиохоор төлөвлөж, 1933—1937 он хүртэл ажилласан хугацаандаа Пүрэв гүнгийн орчуулга «36-т тайлбар толийн» бүх үгсийг тайлбарын хамт карталж дуусаад, түүнээс А-гийн төрлийн үсгээр толгойлсон үгсийн аймгийг бүртгэж зохих тайлбарыг хийж хэвлүүлэхээр завдаж байгаад зуурам орхигдсон юм.
Монгол хэл бол манай ард түмний өндөр соёлыг тусгасан баялаг хэл болох тул түүний үгсийн сангийн бүх баялгийг бүртгэн багтаасан бүрэн тайлбар толь гаргах гэвэл төрөл бүрийн ухааны мэрэгжлийн олон хүн, олон жил ажиллаж байж сая бүтээж чадах юм.
Ингэхлээр бид монгол хэлний бүрэн тайлбар толь гаргахын наана монгол хэлний тэр их баялгаас давын өмнө чухал хэрэгцээтэй үгс буюу орчин цагийн монголын төв аялгуун дээр тулгуурласан бичгийн хэлний үгсийг ихэвчлэн багтааж үгийн утгын тоймыг тайлбарласан товч тайлбар толь гаргаж нийгмийн хэрэгцээний одоогийн шаардлагыг хангахыг зорьсон билээ.
Манай нийтэлж байгаа энэхүү товч тайлбар толь бол нийт ард түмний хэлний боловсролыг дээшлүүлж, орчин цагийн бичгийн хэлийг сурч судлах үйлст тус болгох зорилготой юм. Иймд тус толийн бүтцэд монголын ард түмний аж байдал, эдийн засаг, нийгэм-улс төр, соёлын амьдралтай зайлшгүй холбоотой үгс, манай орны их хөгжлийн хэрэгцээний шаардлагаар гарч байгаа шинэ үг хэллэг, шинэ нэр томьёо шинэ утга ухахдахуунаас ихэд дэлгэрсэн үгсийг аль болохоор багтаан оруулахыг хичээснээс гадна орчин цагийн бичиг зохиолыг унших болон түүхийн бодит байдлыг ойлгоход эрхбиш мэдвэл зохих зарим хуучирсан үгс, утга зохиолд найруулгын талаар хэрэг болох, нилээд дэлгэрсэн аман аялгууны зарим үгсийг оруулсан билээ.
Энэхүү толь бол, монголын бичгийн хэлний үгсийн сангийн хэм хэмжээг тогтоосон журамлах толь бус учир нэг адил утгатай хэдэн үг нэг үгийн янз янз бичлэгийн аль алины нь оруулсан болно. Харин монгол хэлний үгсийн сангаас нэн хуучирч орхигдсон зарим үгс, дав дээр шаардагдахгүй нэр томьёо, газар орны нэрс зэргийг оруулаагүй билээ.
Энэхүү толинд үүний урьд гарч байсан янз бүрийн толь бичиг, уран зохиол, орчуулгын зохиол, сонин хэвлэл, аман зохиол, ардын ярианы хэлний баялгаас хэрэглэгдэхүүн болгон ашигласан бөгөөд үүнд ашигласан толь бичгүүдийн заримыг дурдвал:
Энэ толийг 15 жил (1949—1964) Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан-хамт олны туслалцаанд дулдуйдаж чармайн оролдож бүтээхдээ ажлын явц дундуур хэлний мэрэгжлийн хүмүүсийн санал зөвлөлгөөнийг байн байн авч, тэдний санал зөвлөлгөөнийг баримтлан, гурав дахин залруулан засч гүйцэтгэсэн билээ.
Энэ ажилд маш үнэтэй санал зөвлөлгөөн өгч тусалж байсан Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн Б. Ринчен, Ш. Лувсанвандан, Ц. Дамдинсүрэн, Зөвлөлтийн монголч эрдэмтэн Г. Д. Санжеев, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан А. Лувсандэндэв, Б. Содном, Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан X. Пэрлээ, Улсын их сургуулийн монгол хэлний багш Д. Чойжилсүрэн, мөн толь бичигт орсон бүх үгсийн тайлбарыг нягтлан үзэж, нэн ялангуяа нэр томьёог оноож тайлбарлах ажилд их хүч хөдөлмөр гаргаж чин санаанаас тусалсан хариуцлагатай редактор, эрдэм шинжилгээний ахлах ажилтан X. Лувсанбалдан, мөн техник ажлын талаар үнэнхүү чармайлт гаргаж ажилласан эрдэм шинжилгээний ажилтан Б. Барс нарт чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Бас тус толийн эх нооргийг мэрэгжлийн хүмүүсийн санамжлан зөвлөсөн ёсоор анх удаа хянан найруулж засахад зарим толгой үсгүүдээс, зарим үгсийн тайлбарыг ажлын журмаар найруулан засалцах зэргээр туслалцаж байсан Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н. Наваан-Юндэн, Э. Вандуй, Ж. Бадраа, Б. Базилхаан нарт халуун талархлаа илэрхийлнэ.
Миний хариуцаж хийсэн энэ толинд осол омтгой, ташаа саармаг болсон буюу орхигдсон гээгдсэн зүйл, толь судлал, үгсийн сангийн судлалын холбогдол бүхий алдаа дутагдал байж болох бий. Иймд энэ толийг хэрэглэгч нөхөд ажиж мэдсэн алдаа дутагдлыг ариутган засах санал зөвлөлгөөнөө Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд ирүүлж байхыг хүснэ.