buyanaa тэмдэглэсэн үгс Rss


ШОВИНИЗМ

арьс өнгөөр ялгаварлах, үндэстнүүдийг хооронд нь дайсагнуулах, тэднийг үзэн ядах сургаалыг номлогч хөрөнгөтний үндэсний үзэл.

ЛАБОРАНТ

лаборатори ба шинжилгээний газрын эрдэм шинжилгээний техник ажилтан; туршилт авиа зүйн лабораторийн лаборант.

ХАРАХ I

  1. нүдээр үзэх; харсаар байтал хаалга дээр хүрээд ирэв; ханилснаа шинж харснаа лавла зүйр; өөдөө харах /дээшээ харах/; зөрүү харах /нүүрээ буруулан зайлуулж харах/; муухай харах, аягүй харах /ер бишийн аягүй байдлаар хялайн ширвэж харах/; бараа харах /алив юмны бараа үзэх үзэгдэх/; ойрыг харах /өнөө маргаашийг бодох/; холыг харах /алс хэтийг бодож болгоомжлох/; далим харах /таширмыг бодох/; аянтал харах /ташрам далимыг бодох/; морь харах, мөр харах, бараа харах /бие засах/; сэтгэл харах /хүний бодол санааг харгалзан үзэх/; өө сэв харах /бусдын гэм алдлыг сэм ажиг дарж байх/; нутаг харах, буурь харах /оршин суух орон сав барих, байгуулах газар гэрэх/; хүний царай харах /бусдын эрхшээлд эрхгүй орж автагдах/; хүний гар харах /бусдын эрхшээлд автагдан, эрхгүй дагах болох/; хүний ам харах /өөрийн санаа бодолгүй, бусдын юу гэх амыг аядан дагах болох/; буруу харах /а.цээрлэсэн үхэх; б. эндүүрч таних; в. зөв зүйтэй биш зан байдал гаргах; г. нүүрээ буруулах/; нүүр харах /тал тохой татаж, ялгавартай үзэх/; тал харах /танил, дотныгоо ялгаварлан үзэх/; нүүр тал харах /дээр дор, сайн муугаар ялгаварлан үзэх/; мал харах /мал хариулах, адуулах/; харах эрхтэн /нүд/;
  2. дэмжих, асрах, тэтгэх; харж үзэх хүнгүй амьтан; хүүхэд харах /хүүхдийг асарч хүмүүжүүлэх/.
ХАНШ II
ᠬᠠᠩᠱᠢ
qangshi

ханш нээх сарны зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын хаврын дунджийг заах үе, нарны зурхайн дөрөвдүгээр сарын эхний арав хоногийн дотор тохиолдоно.

ХАНА (Н)
ᠬᠠᠨ᠎ᠠ
qan-a
  1. гэрийн туургаар босгон барих тор мод; арван таван толгойтой хана; дөрвөн ханатай гэр; ханын ёроолд төрж, хадны ёроолд үхэх зүйр; ханын ам /ханын нийлэлдэх уулзар/; ханын нүд /дэлгэсэн ханын дөрвөлжин нүхнүүд/; ханын толгой унины бөгсийг тавьж тогтоох жижиг ацнууд/; ханын үдээр /ханыг товчлон үдэх бэхлээс/; ханын үдээс /ханыг үдээрээр үдсэн нь/; ханын шийр /ханын газарт тулж тогтох доод этгээд/; ханын сонин /хана туурганд хадах жижиг сонин бичиг/; ханан хээ /ханын нүд мэт дөрвөлжин нэг зүйл хээ/; ханын цаг /хананд хадах том цаг/; ханан хад /эгц өндөр хад/;
  2. барилгын туурга; байшингийн хана;
  3. барилгыг шавардахад шаврыг тогтоохын тул туурганд барьж хадах сараалж; хана хадах.
  4. сур, шагаа харвахад өрөх өндөр өрөг; хана харвах;
  5. шувууны жигүүрийн эхний сод өдний дараа ургасан өд; хана өд.
ХАМАР

  1. үнэрийн сэрэгдэхүүнийг мэдрэх эрхтэй; хамар хоншоор хорш; хамрын багана /хамрын хоёр нүхний хоорондох ташаалсан тулгар/; хамрын нүх /хамрын сүв, үнэр үнэртэх, амьсгал авах орон/; хамар хатуу /үхэр тэмээ зэргийн дөр бурантгаас татахад дийлдэхгүй нь/; хамтрын тамхи /хамраар үнэрлэж татах нунтаг тамхи/; хамар өвчин /морь элжиг зэргийн битүү туурайт амьтанд тохиолдох нэгэн зүйл халдварт өвчин/;
  2. хашаа байшин, сав хэрэгслийг дундуур нь таслах хана; хашааны хамар; хамар барих; цонхны хамар;
  3. залгалдуулан барьсан хашаа; хамар хашаа; баруун зүүн хамартаа айлтай;
  4. бичиг дэвтрийн нэгэн хуудас; нэг хамар хуудас; гурван хамар бичиг;
  5. гүдгэр, хөтөл; тэр хамар дээгүүр давахад харагдана; гутлын хамар /гутлын хушуу/; далны хамар /амьтны дал ясны тууш сэрвэн яс/;
  6. нумын гичрийн үзүүрт заадаслан хийсэн эвэр зүйл.
ХАЛУУН
ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ
qalagun
  1. бодисын хөдөлгөөний тусгай нэгэн хэлбэр бөгөөд бодисын өчүүхэн хувь молекул, атомын хөдлөхөд бий болох илч; халуун хүйтэн хорш; зуны халуун; гадна халуун байна; халуун намар /намар эрт, зуны эцэс/; халуун ус /а. халуун ус; б. бие угаах халуун хүйтэн ус бүхий нийтийн үйлчилгээний газар/; халуун өвчин, халуун хижиг /биеийн халуун үлэмж болох халдварт өвчин/; халууны эм /халуун дарах эм/; бага халуун /Дорно зүгийн зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэг, зуны нар буцах үес/; их халуун /Дорно зүгийн зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэгийн нэр, зуны нар буцсанаас хойших үе/; халуун эгэх /сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэгний нэр, нарны зурайн ёсны зургадугар сарын хорьдын үе, нар буцах ч гэнэ/; халуун ханз /гал түлэх зуухан ханз/; халуун сав /хийсэн юмны халууныг удаан хугацаагаар барьж чадах сав/; аагим халуун /зуны маш халуун/; халууны хэмнүүр, халууны шил /халууны хэмжээг үзэх хэрэгсэл/; халуун эм /эмийн зүйлийн доторхи амч чанар халууны нь/; халуун тогоо /а. дотор талын гол хөндийд нүүрс хийж халуун, нарийн хоол чанах төмөрлөг хэрэгсэл; б. мөн ус буцалгах тийм хэрэгсэл/; халуун оргих /а. нар ба гал зэргийн ээлт онц халуун болох; б. хүний бие, өвчнөөр халуун болон эчих зэргээр халуун нь хэтийдэж зовуурьтай болох/; халуун аршаан /газраас ундран гарах халуун ус/; халуун булаг /халуун аршаан/; халуун зэвсэг /хутга шөвөш биш, буу сумны зүйл/;
  2. амтны хурц бөгөөд гашуувтар, хэл ам дарвигнасан, халуу оргих мэт болох нь; халуун амт /поваарь, чинжүү, хуйжуу, гаа зэрэг юмны халуу оргих мэт аагт амт/; халуун өвс ургамал /энхэл тунхал газар хэсэг хэсгээр ургадаг, өнгө шар, амт гашуувтар нэг зүйл өвс/;
  3. шилжсэн чин, үнэн, голын, дотно, найз; халуун зүрхний угаас /чин зүрхний угаас/; халуун нөхөр /дотно итгэлт нөхөр/; халуун амь /жинхэнэ гэр бүлийн дотор, өөрсөд хоорондоо; гэрийн дотор зургаан халуун амь/; халуун зуур /өөр хоорондоо, дотроо, садан төрлийн дунд, улс аймаг дотроо; харь газар үгээ бэхэл, халуун зуураа эвээ бэхэл зүйр/;
  4. ичмээр, зовнимооор, зэвүүн хэцүү; таних хүний нүүр халуун /таних учир хэцүү, зэвүүн/; халуун нүүр /улаан нүүр, яг нүүрээрээ/; халуун сэрэг /эхэн дээр нь, шинэ дээр нь, тэр даруйд нь/; ямааны мах халуун дээрээ /алив явдлын шинэ сэрэг дээр/; халуун чулуу долоох шилжсэн /хашир үзэх, бэрхийг өнгөрүүлэх/.

Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив