амь, амин

  1. хүн амьтны бие цогцсын төрөх, өсөх, хувирах, үхэх зэрэг шинжээр илрэх амьд ахуй мөн чанар; амь аврах (аминд орох); амь бие, амь нас хорш.; амийг нь таслах (алах); амь сүйдэх, амь сүйрэх, амь хохирох, амь алдах, амь үрэгдэх, амь бусних (гэнэтийн аюул осол тохиолдон үхэх); амь хаацайлах, амь хамгаалах (биеэ арчлах өмгөөлөх, хувиа бодох);
  2. аливаа амьд бодисын орших тогтох ахуйн мөн чанар; амьд цэцэг; амьд цэцгийн баглаа;
  3. амьсгал, амьсгаа; амь бүтэх (амьсгал давхцах); амь тэмцэх (а. амьсгал бүтэх давчдах, бие өвдөх зэргээр ихэд тэвдэх; б. үйл явдалд ихэд мэгдэх яарч сандрах);
  4. эрхэм чухал. нэн хайртай энэ хүү ч миний амь даа; эцэг нь хүүдээ ч бүр амиа амь

@ амь бөхтэй (а. хялбар үхдэггүй тэсвэртэй амьтан; б. хялбар урагддаггүй эд эдэлгээ сайтай, яс чанар сайтай; в. хялбар ангижрахгүй зууранги; өнгөрсөн нийгмийн үлдэгдэл манай ажил дээр амь бөхтэй оршиж байна); амь тэвчих (а. амьтныг алахаа зогсох; б. бусдын амийг хорлуулахгүйн төлөө тэмцэлхийлэх; в. үхэхийг бодохгүй зүтгэх); амь өрөх (бэрхшээлтэй үйл явдалд тохиолдож үхэхэд ойр болох); амь дүйх (аливаа хэрэгт амь биеийг хайрлалгүй улайн зүтгэх); амь тавих (а. үйл хэрэгт маш хичээл гаргаж мэрийн зүтгэх; б. эцсийн амьсгалаа хураах); амь зуух (аж төрөн амьдрах); амь зулбах, амь зулдах, амь зайлах, амь зугатах (аюултай эмээлтэй зүйлээс зугатан гарах); амь гарах (аюул хөнөөлтэй зүйлээс амьд гарах); амь гуйх (а. алагдах ялаас хэлтрүүлэхийг гуйх; б. алагдах амьтны амийг хэлтрүүлэхийг хүсэх); амь таслах (алах); амь тасрах (үхэх); амь авах, амийг нь авах, аминд орох (а. амьтны амийг аврах; б. амьтныг алах); амь давирах (аюултай хөнөөлтэй үйлээс аргацааж ганцаар ангижран гарах); амь орох (а. амьтны хэвэл дэх ба өндөгний доторхи үр зулзагын хөдлөх; б. үхэхэд хүрч үхэтхийсэн амьтны сэргэх; в. шингэн юмны бүлээсч халах); амь татуу (ашигтай тустай зүйлийг гагцхүү өөрийн бие тийш татах авах, аминч зантай); амь татах (а. амь татуу ааш гаргах; б. бусдыг дотночлон ялгаварлаж үзэх); амин зүрх, амин сүнс (хамгийн хайртай юм; миний хүү ч наддаа амин зүрх; ёстой миний амин сүнс дээ); амин гол (а. амьтны нуруу сээрний ясанд наалдаж байдаг бүдүүн сэлтэр; б. амин зүрх); амин чухал асуудал (хамгийн чухал зүйл); амин судал (а. гэмтвэл аминд хүрэм чухал судал; б. үйл явдлын чухамхүү ноцтой газар); амин судлал (амьд бодисын ухаан, шим ертөнцийн амьдралыг судлах сургаал); амин судлалч (амин судлалд мэрэгжсэн хүн); амин газар (амьтай холбоотой эмзэг газар); амин тэжээл (аж төрөхөд хэрэглэх хөрөнгө юм); амин гүжрэх (үхэхээс айж болгоомжлохгүй амь өрж чармайн зүтгэх); амин зуулга (амин тэжээл); амин хувиараа (хувь хувиараа); амины (хувийн, өөрийн); амины ашиг (хувийн ашиг); амины өмч (амьдралын зайлшгүй хэрэгцээт зүйл, хувцас хунар, орон гэр зэрэг); амины хэрэг (а. хувийн хэрэг; б. хүн алсан хэрэг); амины үг (маш дотночлох үг); амины гэрээ (хувьсын батлан тогтоосон хэлэлцээ); амиа (хувиа, өөрийгөө); амиа бодох (хувиа бодох); амиа арчлах (хувиа хамгаалах); амиа хаацайлах (хувиа аргалах); амиа борлуулах (хувьдаа оногдсоныг гүйцэтгэх); амиа хоохойлох, амиа бөөцийлөх, амиа хайх (а. зөвхөн ганц биеэ бодох; б. амь биеэ арайхан арчлах); амиа солилцох, амиа арилжих (ямар нэг юмны төлөө амиа үрэх); амиа хорлох (биеэ үхүүлэх); амиа холбох (үйл ажилд үхэхээс болгоомжлохгүй, бие сэтгэлээ зориулж чармайн зүтгэх); амиа солих (алалцах); амь амиараа (тус тусдаа); хар амиа хөөх, хар амиа бодох (зөвхөн хувиа бодох); халуун амь (а. бие; б. нэг гэрийн доторх хүмүүс); халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй (биеэ хайрлахгүй, үхэхээс ч буцахгүй); амь тариа (зүрхний ажиллагааг сайжруулах тариа); амь загас амьтан (умард Америкийн мөрөн нуурт бий нэгэн зүйл загас урт нь 5—6 метр).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Алмас: 2009-08-22 09:27:25
    • Алмас: 2015-04-13 00:28:58

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх