ур(ан) i

  1. урлах чадвар; ур дарх хорш.; гартаа уртай хүн;
  2. нарийн гоёмсог янз; ур сайтай хатгамал; уран зохиол (хүн, юм, үйл явдлын дүр шинжийг үгээр илрүүлдэг нэг зүйл урлаг; уран зохиолын цоморлиг); уран зохиолч (уран зохиолыг зохиож бичигч; Монголын ууган уран зохиолч Дашдоржийн Нацагдорж); уран сайхан (урлагийн зарим хэсэг; уран сайхны кино; ардын уран сайхан; уран сайхны ажилтан нар); уран сайханч (уран сайхны ажилд оролцогч); уран зураг (хавтгай юманд алив юмны төрх байдлыг гарган хийсэн дүрс); уран зурагч (уран зурагт мэрэгжсэн хүн); уран баримал (юмны дүрс хэлбэрийг сийлэх, цутгах, барих зэргээр үйлдэн бүтээх нэг зүйл урлаг); уран барималч (уран барималд мэрэгжсэн хүн); уран бүтээл (урлагийн талаар хийж бүтээсэн бүтээл); гарын уртай (гартаа дүйтэй); уран хүн (нарийн гоёмсог юм хийж чаддаг хүн; мөнгөн хэт хутга хийдэг уран хүн); уран хуруу (долоовор хуруу); уран арга, уран мэх (юм хийх үйлдэх,санах болоход гаргах зөв зүйтэй мэргэн арга ухаан); уран үг (а. бичих, өгүүлэхэд хэрэглэх эвтэй, найртай сайхан үг; б. гоёч, хуурамч үг; уран үгээр улсыг хуурах, усан балингаар лусыг хуурах зүйр); уран хараацай амьтан (хараацайн нам, жигүүр сүүлийн уг этгээд улаавтархан, шавар бөөрөнхийлж гоёмсог үүр хийдэг нэг зүйл хараацай шувуу); уран шувуу амьтан (богшрогын намын шувуу, бие бяцхан, өнгө боровтор, улиас болон бусад модонд үүрлэнэ, модны мөчирт авирахдаа их сайн, нисэхдээ хурдан, зуны цагт хорхой шавьж, өвөл үр ургамал иднэ, үүрээ төлөв усны хөвөөнд буй модны мөчирт дүүжлэн барих бөгөөд тэр нь их л уран); уран хажин амьтан (толгойн өнгө улбар, хөмсөг цагаан, өвөгтэй, хоёр жигүүрийн өдний өрөвлөг дээш сөрөн ургадаг, эр эм ямагт хамт явдаг нэг зүйл нугас).
  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Дөлүгэн: 2009-09-09 02:42:35

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх